Сэтгүүлийн тухай
“Эдийн засаг: онол, практик” сэтгүүлийн анхны дугаар бараг хориод жилийн өмнө, 2000 онд хэвлэгдэн гарсан билээ. Тухайн үед улс оронд маань төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилт ид явагдаж, нийгэм эдийн засгийн хүрээнд шинэчлэлт өөрчлөлтүүд эрчимтэй хийгдэж байсан. Эдгээрийн нэг нь боловсролын салбар, тэр дундаа дээд боловсролын салбар дахь өөрчлөн байгуулалт байсан юм. Тухайлбал, их, дээд сургуулиудын эдийн засаг, бизнесийн салбарын сургалтын хөтөлбөрийг Европын өндөр хөгжилтэй орнуудын сургалтын хөтөлбөртэй ойртуулан шинэчлэх, бакалавр, магистрын шаталсан сургалтыг бий болгож, кредит системийн эхлэлийг тавих шаардлага тулгарсан билээ. Энэ нь зөвхөн хөтөлбөрийг өөрчлөн шинэчилснээр шийдэгдэх асуудал биш, харин багшлах боловсон хүчнийг бэлтгэх, чанаржуулах, өргөн цар хүрээтэй ажлаас эхлэх учиртай байсан. Ийм ч учраас багш нарынхаа сургалт, судалгааны ажлыг дэмжиж, судалгааны ажлынх нь үр дүнг хэвлэн нийтлэх, олны хүртээл болгох, шүүн хэлэлцүүлэх боломж олгох зорилгын үүднээс энэхүү сэтгүүлийг анх санаачлан гаргаж эхэлсэн юм.
Сэтгүүлийг анх МУИС-ийн Эдийн засгийн сургууль, “Эдийн засгийн боловсрол холбоо” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, хэвлүүлдэг байсан билээ. МУИС дахь бүтцийн өөрчлөлтийн явцад Эдийн засгийн сургууль татан буугдаж, сэтгүүл маань ч хэсэг хугацаанд тасалдахад хүрсэн юм. Энэ дугаараас эхлэн сэтгүүлийн үйл ажиллагааг МУИС-ийн Эдийн засгийн тэнхим үргэлжлүүлж, уншигч болон судлаачдын хамрах хүрээг тэлж, нийтлэлд тавигдах шаардлагыг нь улам бүр дэлхийн жишигт ойртуулж, тогтмолжуулах болно. Сэтгүүл нь зөвхөн их, дээд сургуулийн багш, эрдэмтэд, оюутнууд төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудын судлаачдын бүтээлийг нийтлэхэд улам бүр анхаарч байна. Сэтгүүлийн зорилгоо ч мөн өндөр түвшинд тавьж, Монголын эдийн засгийн судалгааны чанарыг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө ажиллах болно. Ойрын ирээдүйд тавьж байгаа бидний нэг зорилт бол Эдийн засгийн судалгааны ажлуудыг индексжүүлж, дэлхийн олон нийтийн хүртээл болоход нь дөхөм болдог REPEC (REsearch Papers in Economics, www.repec.org)-д бүртгэлтэй болох явдал юм.
Та бүхэн манай сэтгүүлийн веб хуудаснаас (http://econjournal.mn) хэвлэгдэн гарсан дугааруудыг үзэх боломжтой болно.
Нэр “Эдийн засаг: Онол, Практик”
Эрхлэх байгууллага МУИС, ШУС, НУС, Эдийн засгийн тэнхим
Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан он 2000
Эрхэм Зорилго Эдийн засгийн судалгааны чанарыг дэлхийн түвшинд хүргэх
Зорилт болон Хамрах хүрээ
Сэтгүүл-ийн гол зорилго бол Монголын эдийн засаг, түүний дэлхийн эдийн засагтай хэрхэн холбогдож буй талаар онолын болон эмпирик судалгаануудад өндөр ач холбогдол өгнө.
Хэл
Сэтгүүлийн хэл нь Монгол хэл байна. Абстракт нь англи, монгол хэл дээр байна.
Сэтгүүлийн түгээлт, хамрах хүрээ
Сэтгүүлийг яам, агентлагууд, судалгааны байгууллагууд, номын сангууд, их cургуулиуд болон олон нийтэд түгээнэ.
Сэтгүүл хэвлэмэл бөгөөд цахим хэлбэрээр түгээгдэнэ.
Хэвлэмэл хувилбар
Сэтгүүл нийтдээ 300 хувь хэвлэгдэнэ. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Ерөнхий редактор хэвлэх тоог өөрчлөн тогтооно.
Электрон хувилбар
Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдийг өөрийн цахим хуудас дээр нээлттэй тавина.
Сэтгүүлийг цахим шуудангаар нийтэд түгээнэ.
Сэтгүүлийн цахим хувилбар нь уламжлалт нийтлэлүүдээс гадна зохиогчийн алгоритм, програм, болон ашигласан тоон мэдээллийг мөн нийтлэх боломжтой бөгөөд ингэснээр бусад судлаачид болон хэрэглэгчид академик ололтыг давтан гүйцэтгэх, өргөтгөх боломжоор хангагдана. Иймд зохиогчдоос эмпирик үр дүнг нь дуурайлган гүйцэтгэхэд шаардагдах тоон мэдээлэл болон програмын хуулбарыг цахим хэлбэрээр авна.
Хаяг: МУИС-ийн хичээлийн 5-р байр, 608 тоот (Д.Дашдулам).
Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Утас: 77307730 (2303) (Д.Дашдулам)